1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.
1.2. Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьѐог доор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. “Автобус” – жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан, троллейбусаас бусад автомашин;
1.2.2. “Автомашин” – мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгсэл;
1.2.3. “Аюултай ачаа” – тээвэрлэлтийн үед хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд хөрөнгийн хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл болон тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодол;
1.2.4. “Байр эзлэх” – явж байгаа чигтээ эгнээ байраа солих үйлдэл;
1.2.5. “Бодит жин” – тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирүүлж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;
1.2.6. “Бүх жин” – тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг
чирэгч, чиргүүл хоѐрын бүх жингийн нийлбэрээр тооцно;
1.2.7. “Гарц” – замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчир;
1.2.8. “Гол зам” – уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын
3.1 «Гол зам», 3.3.а–3.3.в «Туслах зам нийлнэ», 5.1 «Тууш зам» тэмдэг (цаашид тэмдэг, тэмдэглэлийн зөвхөн дугаарыг зааж бичнэ) бүхий зам;
© 2025 он. Mongolian Driving Licence. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency