1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.

1.2. Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “Автобус” – жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан, троллейбусаас бусад автомашин;
1.2.2. “Автомашин” – мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгсэл;
1.2.3. “Аюултай ачаа” – тээвэрлэлтийн үед хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд хөрөнгийн хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл болон тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодол;
1.2.4. “Байр эзлэх” – явж байгаа чигтээ эгнээ байраа солих үйлдэл;
1.2.5. “Бодит жин” – тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирүүлж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;
1.2.6. “Бүх жин” – тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг
чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно;
1.2.7. “Гарц” – замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчир;
1.2.8. “Гол зам” – уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 «Гол зам», 3.3.а–3.3.в «Туслах зам нийлнэ», 5.1 «Тууш зам» тэмдэг (цаашид тэмдэг, тэмдэглэлийн
зөвхөн дугаарыг зааж бичнэ) бүхий зам;
1.2.9. “Гүйцэж түрүүлэх” – явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдэл;
1.2.10. “Гүйцэх” – нэг чигт зэрэгцээ эгнээгээр яваа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явах үйлдэл;
1.2.11. “Давуу эрх” – бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх;
1.2.12. “Ердийн хөсөг” – уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг);
1.2.13. “Жолооч” – тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна;
1.2.14. “Зайлшгүй зогсолт” – жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдэл;
1.2.15. “Зам” – тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан хучилттай буюу шороон зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, унадаг дугуйн зам, тусгаарлах зурвас замд хамаарна;
1.2.16. “Зам тавьж өгөх” – замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл;
1.2.17. “Зам тээврийн осол” – тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал;
1.2.18. “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” – замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэр.
Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;
1.2.19. “Замын хөдөлгөөн” – нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа;
1.2.20. “Замын хөдөлгөөнд оролцогч” – замаар яваа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигч;
1.2.21. “Зорчих хэсэг” – тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;
1.2.22. “Зохицуулагч” – замын хөдөлгөөн зохицуулах эрх, үүрэг бүхий хүн. Зохицуулагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй байна;
1.2.23. “Механикжсан тээврийн хэрэгсэл” – мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл;
1.2.24. “Мопед” – 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсвэл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван
дугуйт тээврийн хэрэгсэл;
1.2.25. “Мотоцикл” – хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсвэл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг (ачааны зориулалттай бол 550 кг)-аас
хэтрэхгүй гурван дугуйт болон мотоциклын төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;
1.2.26. “Саадыг тойрон гарах” – тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдэл. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй;
1.2.27. “Сургууль орчмын бүс” – ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох замын хэсгийг хамруулж 5.25 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэр;
1.2.28. “Суурин газар” – 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр;
1.2.29. “Төмөр замын гарам” – төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир. Төмөр замын гармын өргөнийг төмөр замын хоёр талд байрлуулсан гэрлэн дохио буюу хаалт, эдгээр нь байхгүй бол 1.3.а (эсвэл 1.3.б) тэмдгийн хоорондох зайгаар тодорхойлно;
1.2.30. “Тусгаарлах зурвас” – зэрэгцээ зорчих хэсгүүдийг хооронд нь тодорхой зайтай салгаж зааглахад зориулагдаж хийгдсэн, тээврийн хэрэгслийн зогсоол болон хөдөлгөөнд зориулаагүй замын хэсэг;
1.2.31. “Тууш зам” – эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсвэл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй, 5.1 тэмдэг бүхий зам;
1.2.32. “Тээврийн хэрэгсэл” – хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл;
1.2.33. “Тээврийн хэрэгслээр зорчигч” – тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн. Тээврийн хэрэгсэл рүү орж байгаа болон түүнээс бууж байгаа хүнийг мөн хамааруулж ойлгоно;
1.2.34. “Түр зогсолт” – жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас илүүгүй хугацаагаар зориуд зогсоосон үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоосон үйлдэл нь түр зогсолтод хамаарна;
1.2.35. “Удаан зогсолт” – зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас дээш хугацаагаар зориуд зогсоосон үйлдэл;
1.2.36. “Удаан явдалт тээврийн хэрэгсэл” – техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурд нь цагт 30 км-ээс илүүгүй механикжсан тээврийн хэрэгсэл;
1.2.37. “Унадаг дугуй” – унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоѐроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл;
1.2.38. “Унадаг дугуйн зам” – унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий зам, замын хэсэг. Унадаг дугуйн зам нь бусад замаас хийцийн хувьд салангид буюу замын зорчих хэсэг, явган хүний замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсвэл явган хүний зам дээр явган зорчигчийн хөдөлгөөн явагдах хэсгээс тэмдэглэлээр зааглагдсан буюу гадаргуугийн өнгө, төрлөөр ялгаатай байна;
1.2.39. “Унадаг дугуйн эгнээ” – зорчих хэсэг дээрх унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий эгнээ. Унадаг дугуйн эгнээ нь зорчих хэсгийн бусад эгнээнээс тэмдэглэлээр зааглагдсан байна;
1.2.40. “Уулзвар” – замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай). Зорчих хэсгүүдийн огтлолцлын талбайг шар өнгийн шугамаар хүрээлж, хэрээслэн тэмдэглэсэн байж болно;
1.2.41. “Үзэгдэлт хангалтгүй нөхцөл” – байгалийн үзэгдэл (цас, бороо, манан, шуурга гэх мэт) болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөл;
1.2.42. “Үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” – байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдал; 1.2.43. “Харанхуй үе” – үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх
хугацаа;
1.2.44. “Хороолол” – орон сууц буюу гэр хорооллын доторх зорчих хэсгийг хамруулж 5.23 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэр;
1.2.45. “Хөвөө” – зорчих хэсгийн гадна талын захтай нэг түвшинд хиллэсэн, энэ дүрмээр зөвшөөрсөн хөдөлгөөн болон зогсоход ашиглах замын хэсэг. Хөвөө нь зорчих хэсгээс гадаргуугийн төрлөөр ялгаатай, эсвэл 1.2 тэмдэглэлээр зааглагдсан байна;
1.2.46. “Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх” – найм болон түүнээс олон хүүхдийг чиглэлийн бус автобусаар тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа;
1.2.47. “Цуваа” – тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулан, ойрын гэрлээ асааж, зохион байгуулалттай цуварч яваа, энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан «Цуваа» таних тэмдэг (цаашид
таних тэмдгийн зөвхөн нэрийг зааж бичнэ) бүхий гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл;
1.2.48. “Чиглэлийн тээврийн хэрэгсэл” – тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу зорчигч тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд явж байгаа автобус, троллейбус;
1.2.49. “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” – чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан, 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл бүхий эгнээ;
1.2.50. “Чиргүүл” – механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;
1.2.51. “Эгнээ” – автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас;
1.2.52. “Явган зорчигч” – замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна;
1.2.53. “Явган хүний гарц” – явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а, 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.б тэмдгүүдийн
хоорондох зайгаар тодорхойлно;
1.2.54. “Явган хүний гарам” – зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй, 5.20.а–5.20.г тэмдэг бүхий, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан гарц;
1.2.55. “Явган хүний зам” – явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Явган хүний зам нь зорчих хэсэг, унадаг дугуйн замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсвэл унадаг дугуйн замаас тэмдэглэлээр
зааглагдсан байна.

1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

1.4. Замын тэмдэг, гэрлэн дохио болон хөдөлгөөн зохион байгуулах бусад техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, дур мэдэн байрлуулах, өөрчлөх, авч хаях, мөн замын хөдөлгөөнд саад болох, халтиргаа, шарвалт үүсгэх, тээврийн хэрэгслийн дугуйн доороос шидэгдэх, дугуйг хагалж болзошгүй элдэв зүйлсийг зам дээр хаях, асгах, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэх, гудамж замд хог хаяхыг хориглоно. Тухайн аюул, саадыг бий болгосон хүн, хуулийн этгээд нь түүнийг нэн даруй арилгах, хэрэв боломжгүй бол бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, цагдаагийн алба, эсвэл замын хяналт (ашиглалт, арчилгаа, хяналт шалгалт) хариуцсан байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээнэ.

1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

1.6. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

© 2025 он. Mongolian Driving Licence. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency